Free Essay

Amnii Bileg

In:

Submitted By ddashka624
Words 1216
Pages 5
АМНЫ БИЛИГ

Хэлж ярьж байгаа үгээр нь хүмүүний шинжийг тодорхойлдог ёсон маш эртнээс улбаатай. “Сайн морины шинж сагаг туурайд нь, сайн хүмүүний шинж хэлэх үгэнд нь байдаг” гэж монголчууд ярьдаг. Амнаас унаж байгаа ганц хоёрхон үг хүртэл хүний дотор бодлыг толь мэт шууд тусган харуулна. “Тавхан үгэнд танигдана” гэж ардын дуунд дуулдаг нь тун их гүн утга учиртай. Монголчууд амны билигтэй ард түмэн. Билиггүй үг хэлэхийг хэлээр үйлдэх том нүгэлд тооцож, муу муухай үгсийг ам хамхин тэвчих үзлийг үр хүүхэддээ зааж сурган төрхжүүлэн төлөвшүүлж ирсэн ариун нандин уламжлалыг үеийн үед нандигнан хадгалж явах учиртай. Хар санаж, хараал хэлэхийг хатуу цээрлэвэл зохилтой. Хараалын оронд ерөөл урсгадаг ёсон манай дээдэст байсан нь бахархам. Тосоор гоож, алтаар урс, ам чинь алт болог гэх үгс муу үгийг орлон ахмадуудын амнаас олонтаа сонсогдоно. Хүнийг бүү хэл малыг хүртэл харааж зүхэхийг үзэж чадахгүй, үл тэвчинэ.
Бусдад сайныг хүсч, сайхныг ерөөж байвал өөрт сайн сайхан хуран цуглаж ирнэ. Тиймээс ч бидний ухаант дээдэс ерөөлийн үзүүрт тос гэж билигдэн, хараалын үзүүрт цус гэж цээрлэж иржээ. Ойр дотны хүмүүстээ сайныг хүсч, ерөөл өргөж бай. Ерөөлийн сайхан үгс сэтгэлд шим тэжээл өгч, амгалан жаргаланг даллан дуудна. Алтан шар зам өлзийтэй байх болтугай гэж дотор сэтгэлдээ сүслэн залбирч, цагаан сүү өргүүлэн, ерөөлийн үгээр мялаалган, аян замд мордсон хүний ажил үйлс урамтай сайхан бүтнэ. Ерөөлийн үг сэтгэлийн гүнээс урсан гарах учиртай. Сэтгэлээсээ ургуулан хэлсэн ерөөлийн үгс тарни залбирлын шидэт үгс мэт эрч хүчийг агуулан бусдын сэтгэлд хүрч, санаж хүссэн зүйлс нь бүтэж бүрэлдэхэд дэм өгч, тус болно. Ёс болгож хэлсэн ерөөлийн үгний тус нэмэр ёс төдий, өгөөж үлдэц өчүүхэн. Аливаа зүйлийг сэтгэлдээ сайн талаас нь сайтар ургуулан бодоорой. Бүтээхэд бэрх зүйлийг ч бүтээж заавал чадна гэж өөдрөг сэтгэлээр бат итгэлтэй бод. Ингэхэд сайн бүхэн наашилж, саар бүхэн цаашлан, өөдрөг бодол тархи толгойг чинь эзэмдэнэ. Өөдрөг бодол, эрс шийдэмгий үйлдэлтэй хосолсон нөхцөлд амжилтанд хүрэх түлхүүрийг гартаа баттай атгана. Өвдөж шаналан, зовж зүдэрч байгаа тухай ам хуурайгүй яншиж, ядуу зүдүү, дутуу гуцуугаа тааралдсан болгонд үглэх амны билиггүй үгс үйлс заяаг доройтуулж, өөдлөх замд тээг саад болно.
Үнэн билигтэй, худал балагтай. Үнэнийг өгүүлж байгаа хүн – сайн хүн. Үнэн үг, сайн яриаг үнэт цагаа үл хайрлан, залхаж залхууралгүй, тэвчээртэй нь аргагүй чих тавин сонсож чаддаг болоорой. Хүмүүс гашуун ч гэсэн үнэнд дуртай. Үнэн үг хүний ой тойнд хүрч, бие сэтгэлийг эзэмдэнэ. Үнэнийг ярьж байгаа, нинжин асрахуй сэтгэлтэй хүний араас үнэнийг эрхэмлэгч хүмүүс эргэлзээ мадаггүй, хаа хүрэхэд ч бэлэн дагана. Үнэн худал хоёр өдөр шөнө мэт ялгаатай. Чинжүү мэт гашуун үнэн чихэр мэт худлаас ямагт дээр. Үнэнийг таньж мэдэхэд гол саад нь урдуур нь хөндөлссөн худал биш. Харин үнэн төст хуурмаг зүйл юм. Тиймээс үнэн төст хуурмаг зүйлс нь илт худлаас илүү хортой. Тэнгэрийн нарыг үүл хэсэгхэн зуур халхлан хаадаг шиг үнэн түр зуур худал хуурмагт халхлагдаж болох. Хэсэгхэн зуурын дараа хүчит салхи үүлийг сарниулан хөөх мэт худал хуурмагийг үлдэн хөөж үнэний наран манхайн гийнэ. Худлын үрийг үржил шимтэй хөрсөнд суулгаж, арчилж тордон ургууллаа ч үнэний амтат жимс цэцэглэн дэлгэрэхгүй. Үнэн хүчтэй. Үнэний үрийг үржил шимгүй, ус чийггүй хөрсөнд суулгалаа ч тордлого арчилгаагүйгээр соёолон, замдаа тааралдсан хатуу хөрс, хад чулууг хүртэл түрж түлхэн ургаж цэцэглэх хүчтэй. Үнэнийг чихэнд сонсгохгүй, нүдэнд харагдахгүй далдалж нуух нь буруу бөгөөд өөдгүй явдал. Утга авцалдаагүй худал хэлэх нь утга учиргүй булай хэрэг. Айснаасаа болж худал хэлэх нь арчаагүй хулчгар зан. Худлыг торгонд ороож, тосонд өнхрүүллээ ч, тогос шиг гоёж, хөхөө мэт донгодууллаа ч үнэн болж хувирахгүй. Үнэн өгөршиж, худал соёолсон газарт гэрэл гэгээтэй, сайн үйлсийн бараа туруу үзэгдэхгүй болж, амны хишиг нь ардаа гарна. Амны билигтэй үг хэлье гэж бодож байгаа бол зөвхөн үнэнийг хэлээрэй.
“Болно. Болно. Болохгүй юм гэж байхгүй” хэмээн их соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж амны билигтэй сайхан үгийг өв болгон үлдээсэн. Хүнд хэцүү, бэрхшээл зовлонгоор дүүрэн, боломжгүй мэт үйл хэргийг ам хэлээрээ ч, ажил үйлээрээ ч болгоно гэх өөдрөг сэтгэлээр хандаж, бүтээнэ гэх оргилуун итгэлээр зүтгэвээс болохгүй юм гэж үнэхээр байхгүй. Том саад тотгоргүй их үйл хэрэг гэж байдаггүй. Замдаа таарсан саад тотгорыг амжилт өөд авирах шатны гишгүүр гэж бодон зүтгэж мацсан хүн оргилд хүрч л таарна. Их үйл хэргийн төлөө зорьсон хүнд эр зориг, эрч хүч, эрэмгий дайчин чанар бүхнээс илүү хэрэгтэй. Ховор байлаа ч элбэг юм шиг, дутуу байсан ч дүүрэн юм шиг амны билигтэй үг хэлж байвал элбэг дүүрэн амьдрал гэр дүүрч баярлуулах цаг ирнэ. Амьдрал ямар байна гэж захын малчнаас асуухад хүндхэн байлаа ч “өө яах вэ, болж л байна” гэсэн хариултыг сонсох вий. Таних танихгүй хүнд амны билиггүй үг хэлдэггүй нь муугийн ёс биш, Монголын ёс. “Болж л байна” гэх нь зүгээр нэг билиг бодсон, хоосон үг хараахан биш. Аж амьдралаа боломжийн хэмжээнд аваад явчих итгэл сэтгэлээ нээн илэрхийлж байгаа хэрэг.
Жаргал зовлон зэрэгцэн явдаг нь амьдралын үнэн. Жаргалдаа ташууралгүй, зовлонд сөхрөлгүй сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрах нь баяр баясгалан мөн. Эдэлж байгаа жаргал, туулж яваа зовлонг бусадтай дотроо онгойтол хуваалцах хэрэгтэй. Бусадтай хуваалцсан жаргал хоёр дахин нэмэгдэж, бусадтай хуваалцсан зовлон хоёр дахин нимгэрдэг юм. Туулаад өнгөрсөн зовлонгийн араас зовж шаналах хэрэггүй. Биеэрээ үүрч зовсноо сэтгэлээрээ дахин давтаад юу хийх вэ. Бүх айдас гутрал, зовлон шаналал бүхнээ араасаа чирч, түлээ мод ачиж яваа үхэр тэрэг шиг зүтгэж зүдэрч явах нь юу нь сайхан байх вэ? Цаг хугацаа бүх юмыг өөр өөрийнх нь байранд тавина. Үүрээд өнгөрсөн зовлон үлдэж тэндээ хоцрог.
Өөртөө муу муухайг хүсдэггүй шигээ бусдад муу муухайг бүү хүс. Бусдаас билиггүй үг сонсох дургүй шигээ бусдад билиггүй үг битгий хэл. Бусдад хайр бэлэглэж байж бусдаас хайр хүртэнэ. Бусдын аз жаргалын төлөө хэдийчинээ ихийг хийнэ, өөрийн сайн сайхан байх хүсэл төдийчинээ ихээр биелнэ.
Болж буй зүйлийг болохгүй байгаа мэтээр голж, бүтэж яваа ажлыг бүтэхгүй хэмээн шүүмжилж, өөдтэй өнгөтэй бүхнийг үгүйсгэн харлуулж, билиггүй муу үгсээр булж гоочлох нь буруу сэтгэлтний бусармаг үйлдэл. Байгаа зүйлээ байхгүй гэж үгүйсгэн, хүрэлцээтэй зүйлээ бага гэж голон, бүтэх ажлыг бүтэхгүй хэмээн эсэргүүцэж, бүх зүйлийг буруу талаас нь бодож, бүтэхгүй зүгээс нь харж усан амлаж явдаг хүний ажил үйлс бүрэн бүтэн бүтэх тавилангүй. Дэнгийн дор харанхуй гэдэг шиг билиггүй үгс боломжгүй бүтэмжгүйг сүүдэр мэт дагуулна.
Амаа хичээхгүй бол гай тарина. Хэлэх хэлэхгүй үгийг хэнд ч хамаагүй ярьж явдаг ам султай, харсан сонссон бүхнээ бусдад дэлгэж суудаг ам задгай байхын аль аль нь сайн зүйл биш. Хавь ойрынхонтойгоо таарамж тохиромж муутай, үг хэлээ ололцохгүй, юм л бол ам муруйж явдаг хүнтэй нэг баг болж, нийлж хамтарч ажиллахад бэрх. Тэмээ гэвэл ямаа гэж тэс өөрийг ярьж, бусдаар үг хэлүүлэхгүй буюу хэлсэн ярьсаныг байнга няцаан ам таглах зуршилтай хүнтэй үг солилцож, ажил ярих бүр зовлонтой. Бусдын зөв санаа, зүйтэй үйлдлийг үг зөрөхгүй хүлээн зөвшөөрч, ам нийлдэг хүмүүстэй зөвлөлдөн ярилцаж, зөвшилцөн тохирох тун урамтай байдаг бол өөрийн гэсэн бодолгүй, хүн юу хэлнэ вэ түүнийг үг дуугүй зөвшөөрч, бусдын ам харж, ам дагадаг хүн нэн урамгүй. Олны хэл амны бай болж, бусдад муу хэлүүлж, амны зууш болж явдаг хөөрхийлөлтэй хүмүүс өөртөө дүгнэлт хийж биеэ засахыг хичээвэл хэзээ ч оройтдоггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Ухаалаг хүмүүс юу хэлэхээ бодсоны дараа ам нээдэг, ухаалаг бус хүмүүс хэлснийхээ дараа юу ярьчихав аа гэж гэмшин амаа барьдаг. Ажил хийж байхад ам нээж үг дуугараагүй, хуруу хөдөлгөж тус болоогүй атлаа ажил бүтэмж муутай болбол тавлан тохуурхаж ам асуудаг этгээдийг сайн хүн гэж хэлэх аргагүй. Сонсох үед эхнийх нь байж, ярих цагт сүүлчийнх нь болж ам хүлээдэг чадвар эзэмшвэл амны алдаанаас холхон байхад чинь тустай. Ухаантай хүмүүсийн билиг сургаалыг анхааран сонсч, ухааран шингээж авахыг хичээ. Ололтонд чинь жигүүр, алдаанд чинь чөдөр, ахиж дэвжихэд чинь ташуур болж өгнө. Хайр шингэсэн билигтэй сайхан үгсийг хармын сэтгэлгүй бие биендээ хэлж байгаарай.

Similar Documents