Оршил
19-20-р зууны зааг дээр дэлхийн бодлого болон ОУХ-г судлах нэгэн шинэ чиглэл гарч ирсэн нь геополитикийн шинжлэх ухаан юм.
Геополитикийн шинжлэх ухаан газарзүйн байршил улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөг судалдаг шинжлэх ухаан бөгөөд олон шинжлэх ухааны уулзвар тэдгээрийн харилцан хамаарал бүхий нэгдэл дээр суурилсан шинжлэх ухаан билээ.
Газарзүйн нөхцөл байдал улсын дотоод болон гадаад бодлогод нөлөөлдөг тухай эртний Грек, Ромын гүн ухаантнууд болох Аристотель, Демокрит, Платон, Полибий, Страбон нар тэмдэглэн үлдээсэн байдаг бол дундад зууны болон сэргэн мандалтын үеийн сэтгэгчид болох Жан Боден, Николла Макиавелли, Шарль Монтескье нар энэ талаар судалж байсан ба газар зүй нь улс төртэй холбоотой болох тухай бичиж үлдээсэн.
Францын улс төрийн сэтгэгч Жан Боден аливаа улсын хүч чадавхи нь байгалийн хүчин зүйлээс хамаардаг тухай санааг илэрхийлсэн ба Шарль Монтескье байгал, цаг уур улсын бүтэц зохион байгуулалт болон түүний төрийн бодлогод нөлөөлж болох тухай судалгааг явуулж үр дүнд нь бүхий л улсын хууль, эрх зүйн байдал нь түүний физик газарзүйн нөхцөл байдалтай нийцдэг тухай дүгнэлтийг хийсэн байна.
Ийнхүү хөгжсөнөөр Геополитикийн онол, урсгал чиглэлүүд шинэ шатанд гарч орчин үеийн дэлхий ертөнцөд ноёрхож байгаа улс орнуудын геополитикийн бодлогод илүүтэйгээр анхаарах болжээ. Тухайлбал: ОХУ- НАТО-ийн тухай асуудал юм. ОХУ бол Евроазийн бүс нутаг бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой газар нутаг билээ.
Геополитикийн онолууд
Газарзүйн хүчин зүйл төрийн бодлогод нөлөөлдөг тухай эртний болон дундад зууны үеийн олон философич, улс төрийн номлогч, сэтгэгчид бичиж үлдээсэн хэдий ч бие даасан шинжлэх ухаан болох эхлэлээ тавихад Германы геополитикийн урсгал тэр дундаа Германы улс төрийн газарзүйч эрдэмтэн Фридрих Ратцель томоохон үүрэг гүйцэтгэсэн.
Ф.Ратцель аливаа соёл иргэншил буюу улс нь хүрээлэн буй орчин, хөрс, цаг уур, газар зүйн байршил зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хөгжлийн янз бүрийн түвшинд оршдог хэмээн үзээд “улс бол хөрсөн дээр ургасан амьд биет” хэмээн дүгнэсний зэрэгцээ “Аливаа улсын орон зай нь зөвхөн эзэмшиж буй газар нутаг нь төдийгүй түүний улс төрийн хүч нь юм” хэмээн тодорхойлжээ. Мөн тэрээр Германы геополитикт “Lebensraum” буюу амьдрах орон зай гэдэг ойлголтыг оруулж ирсэн байна.
Ф.Ратцелийн санааг цааш нь хөгжүүлсэн хүн бол Шведийн геополитикч Рудольф Челлен юм. Тэрээр “геополитик” хэмээх нэр томъёог анх улс төрийн шинжлэх ухаанд оруулж ирсэн бөгөөд Ф.Ратцелийн “улс бол хөрсөн дээр ургасан амьд биет” хэмээх санааг цааш нь хөгжүүлж энэхүү амьд биетийг судалдаг шинжлэх ухаан бол Геополитик гэж тодорхойлоод улсыг судлахын тулд улсыг бүрдүүлэгч 5 элементийг (газар зүй, ард түмэн, аж ахуй, нийгэм, удирдлага) судлах ёстой хэмээн үзжээ.
Германы геополитикчдийн зэрэгцээ Англо-Саксоны геополитикчид геополитикийн хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна.
Эдгээрийн нэг Английн геополитикийн гол төлөөлөгч болох Х.Макиндер 1904 онд геополитикт “Heartland” буюу “зүрхэн газар” гэсэн нэр томъёог оруулж ирсэн бөгөөд аливаа улс дэлхийн бодлогод ноёрхохын тулд төвд ноёрхох ёстой гэсэн санааг дэвшүүлсэн ба тэрхүү төв байршил нь “Зүрхэн газар” буюу Евразийн төв юм хэмээн тодорхойлжээ.
Харин Америкийн геополитикч Н.Спайкман Х.Макиндерийн “Зүрхэн газар”-аас санаа авч Римланд буюу эргийн бүс гэсэн санааг гаргаж ирсэн ба үүндээ Евразийн төв буюу “Зүрхэн газар”-ыг тойрсон 2 хавирган сарын бүсийг бий болгож эдгээрийгээ:
- Дотоод болон Гадаад хавирган сар хэмээн нэрлэж Дотоод хавирган сарын бүс буюу Римланд нь дэлхийг хянах хамгийн тохиромжтой бүс төдийгүй хэн Римландыг хянаж байна тэр эх газар болон тэнгисийг хянана гэсэн санааг гаргаж иржээ.
АНУ-ын геополитикч тэнгисийн цэргийн адмирал 20-р зууны эхэн үеээс Америкийн гадаад бодлогод гол байр суурийг эзлэх болсон тэнгисийн бодлогын эцэг хэмээн нэрлэж болох Альфред Мехен “Тэнгисийн хүчний онолыг” боловсруулсан бөгөөд тэрээр тэнгис далай аливаа улсын хүч чадалд чухал байр суурь эзэлдэг тухай номолсон. Түүний энэхүү онолын гол санаа нь аливаа улс хүчтэй байхын тулд тэнгист, тэр дундаа тэнгисийн худалдаанд ноёрхох ёстой. Тэнгисийн худалдаанд давуу байдлыг өөртөө бий болгохын тулд хүчтэй тэнгисийн цэрэгтэй байх ёстой гэсэн санааг гаргаж улмаар хэн далай тэнгист хүчтэй байна тэр дэлхийд ноёрхоно гэсэн логик санааг дэвшүүлжээ.
Оросын геополитикийн хувьд Евразийн геополитикийн урсгал 1920-1930аад оны үед гарч ирсэн бөгөөд гол төлөөлөгчид нь П.Н.Савицкий, Л.Н.Гумилев нар юм. Эдгээр эрдэмтдийн дэвшүүлсэн онолын гол санаа нь Орос бол Татар-Монголын байлдан дагуулалтын үр дүнд хөгжсөн орон зайн хөгжлийн нэг гол төв төдийгүй геополитикийн томоохон орон зай юм. Иймд Орос улс соёл иргэншлийн нэг төв, “Орон зайн хөгжлийн төв” болохынхоо хувьд ойр тойрныхоо жижиг соёл иргэншлүүдийг нэгтгэх ёстой хэмээн үзсэн байна.
Дэлхийн 1-р дайнаар Германы Эзэнт Гүрэн ялагдал хүлээж, Англи, Франц, АНУ-ын тулган шаардлагыг хүлээн зөвшөөрч (Версалийн гэрээнд гарын үсэг зурж) колонийн орон зайгаа алдсанаар 1920 оны үеэс Германд геополитикийн шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Энэ үеийн Германы геополитикийн гол төлөөлөгчид болох Карл Хаусхофер, Карл Шмидт нар Германы геополитикийн хөгжилд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсан төдийгүй тухайн үеийн ОУХ-ны нөхцөл байдал өөрчлөгдөхөд томоохон үүрэг гүйцэтгэжээ. Ялангуяа Карл Хаусхоферийн “Эх газрын эвсэл” байгуулах тухай санаа нь Ром-Берлин-Токиогийн тэнхлэгийн холбоо бий болоход гол түлхэц болсон байна.
Дэлхийн 2-р дайн эхэлснээр геополитикийн хөгжилд зогсонги байдлыг авчирсан ба дайны дараач үеэс геополитикийн шинжлэх ухааныг 2-р дайны өмнөх Германы явуулж байсан гадаад бодлоготой холбон түрэмгий шинжтэй ШУ хэмээн үзэх хандлага газар авсан байна.
Харин Хүйтэн дайны үед буюу 1950-1960-аад оны үед Франц, Бельги, Германд геополитикийн шинэ чиглэл К.Адэнауэр, Ш.Голль нар засгийн эрхэнд гарч ирсэнээр хөгжиж чаджээ. Францын ерөнхийлөгч Шарль де Голль Францыг НАТО-оос гаргаж Европ дахь АНУ-ын хэт давуу байдлыг хумьж чадсан ба энэ үед Францын геополитикийн урсгал хүчирхэгжин гарч ирсэн ба Францын газарзүйч, геополитикч Видаль де ла Блашийн “Поссиблизмийн онол” үүнд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Түүний онолын гол агуулга нь Ф.Ратцель, Р.Челлен зэрэг Германы геополитикчдийн Хүрээлэн буй орчин нь хүндээ нөлөөлдөг тухай санааны эсрэг хувилбар буюу Хүн нь хүрээлэн буй орчин, байгал, түүхдээ нөлөөлдөг тухай санаа бүхий “Боломжийн онол” гэгч байсан.
Геополитикийн орчин үеийн онол, урсгал, чиглэл
1970-1980-аад оны үед Баруун Европт тэр дундаа Англи, Франц, Италид геополитикийн шинэ урсгалууд гарч ирсэн бөгөөд эдгээрийн нэг нь Мондиализмын онол буюу дэлхий нэг болох тухай санаа байсан бол АНУ-д Н.Спайкмений атлантист чиглэлийг цааш нь хөгжүүлж, боловсронгуй болгох оролдлогууд хийгдэж Д.Мейниг, У.Кирк, Х.Киссинжер зэрэг геополитикчид өөр өөрсдийн онолын санааг боловсруулан гаргаж байсан бол Ф.Фукуяма, С.Хантингтон, З.Бзежинский нарын неоатлантист чиглэлийн геополитикчид геополитикийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжээ.
Хүйтэн дайн дуусаж ЗХУ задарсанаар ОХУ-д геополитикийн хүрээлэн, судалгааны төвүүдэд геополитикийн судалгааны ажлууд ихээр хийгдэж, геополитикийн олон төлөөлөгчид гарч ирсэний дотор Н.А.Нартов, А.Дугин, К.С.Гаджиев зэргийг нэрлэж болно.
Геополитикийн шинжлэх ухаан нь 19-р зууны эцсээр хөгжих эхлэлээ тавьсан бөгөөд энэ үед хөгжих болсон учир нь тухайн үед аж үйлдвэрийн хувьсгалын 2 дахь шат дэлхийн улсуудын хөгжлийг шинэ түвшинд гаргаж Европийн сонгодог гүрнүүдийн зэрэгцээ шинээр аж үйлдвэржсэн шинэ колончлогч гүрнүүдийн нөлөөний хүрээ, орон зай, дэлхийн зах зээлийн төлөөх тэмцэл хурцдаж дэлхийг дахин хуваах асуудал хүчтэй гарч ирсэнтэй давхцан түүхэн шаардлагаар геополитикийн шинжлэх ухааны бие даасан онол гарч ирсэн байна. Иймд энэ үеийг геополитикийн онолын төлөвшсөн үе гэж үздэг. Харин Дэлхийн 1-р дайны дараа геополитикийн Шинжлэх ухааныг жинхэнэ утгаараа хөгжсөн хэмээн үздэг нь Германы геополитикийн сургуулиуд гарч ирсэнтэй холбон тайлбарлаж болох юм.
Н.Спайкманий шавь, геополитикийн Атлантист чиглэлийн төлөөлөгч Д.Мейниг (D.W.Meinig) 1956 онд хэвлүүлсэн “Евразийн түүхэн дэх Heartland ба Rimland” хэмээх бүтээлдээ Спайкманы Римландын онолыг цааш нь хөгжүүлэн Римландыг соёл иргэншлийн байдал мөн газарзүйн байршлаас хамааруулан 3 ангилсан.
Үүнд:
1. Зүрхэн газартай холбоотой газар нутаг- Хятад, Монгол , Бангладеш, Хойд Вьетнам, Афганистан, Зүүн Европ, Балтийн орнууд 2. Геополитикын завсрын орнууд- Өмнөд Солонгос, Бирм, Энэтхэг, Ирак, Сири, Югослав 3. Талласократын эвсэл рүү чиглэсэн улсууд – Зүүн өмнөд Ази, Тайланд, Пакистан, Иран, Грек, Турк, Баруун Европ
Эргийн бүсийн улсуудад үзүүлэх эх газрын болон тэнгисийн хүчний нөлөөнөөс хамааран, “Дотоод хавирга сар”-ын буюу Римландын улсуудын хөгжил нь янз бүр байсан. Талассократын чиглэлтэй хэсэг нь эрчимтэй хөгжиж чадсан хэмээн нотолжээ.
Спайкманы бас нэг залгамжлагч У.Кирк “дотоод хавирган сарын” буюу эргийн бүсийн улсуудын соёл иргэншлийн ач холбогдлыг өндрөөр үнэлэн эргийн бүсийн нөлөө зүрхэн газарт их байсныг тэмдэглэжээ.
АНУ-ын улс төр судлаач Саол Коан (Saul B. Cohen) дэлхийн бүх бүс нутгийг геополитикийн 4 бүсэд хуваасан. Үүнд :
1. Боомт ба далайн худалдаанаас хамааралтай гадаад далайн усан орчин
2. “Hinterland” буюу эргээс алслагдмал эх газрын нутаг (nucleus)
3. Дисконтинуаль бүс буюу эх газрын дотогш эсвэл гадагш хандсан эргийн бүс
4. Геополитикийн хувьд эдгээрт хамааралгүй бүсүүд
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан нэрт эрдэмтэн улс төрч Х.Киссенжир “дисконтинуаль бүс”-ээс санаа аван ЗХУ буюу Евразид Атлантын хяналтыг тогтоохын тулд эргийн бүсүүдийн улсуудыг АНУ-ын стратегийн зорилгод нэгтгэн, тэдгээрээр дамжуулан “анаконд”-ын зарчмыг хэрэгжүүлэх ёстой байв.
Х.Киссенжирийн энэхүү номлол нь Вьетнамын дайн, Иран-Иракын дайн, ираны Шахын дэглэмийг дэмжих, Хятадтай харилцаагаа сайжруулах, ЗХУ-ын дотоод субьектуудын (Украин болон Балти хавийн улсуудын) үндэсний үзлийг дэмжих замаар биелэлээ олсон бөгөөд 1991.12.8-ны ЗХУ-ын задрал, коммунист системийн задралаар АНУ-ын “анаконд”-ын бодлого ялалтанд хүрсэн билээ. Гэхдээ стратегийн бөмбөгдөгч цөмийн хошуу, тив алгасагч пуужин, шинэ төрлийн зэвсэг бий болсноор тэнгис ба хуурай газар дээрх давамгайлал гэдэг ойлголт нь харьцангуй ойлголт болж агаар, сансрын орон зайг тооцох болсноор шинэ номлол хэрэгтэй болж байна. Энэ 2 шинэ элемент нь :
1. Аэрэкрати буюу агаарын хүчин
2. Эфирократи буюу сансрын хүчин гэж нэрлэгдэх болжээ.
Неоатлантизмын чиглэл
1990-ээд оноос Америкийн геополитикын үзэл санаа 2 урсгалд хуваагдсан байна. Үүний нэг нь Ф.Фукуяамагийн (өөдрөг үзэл) “Түүхийн төгсгөл” хэмээх мондиалист онол:
- Энэ онол нь Барууны геополитикийн ялалтыг эцэслүүлэх тухай юм. Энэ нь мондиализмын онолд шүтсэн түүхийн төгсгөл буюу нэгдмэл нэг ертөнцийн тухай номлол юм. Соёл иргэншил, үндэстэн угсаатан, шашин шүтлэг, үзэл суртал зэрэг геополитикийн бүх ялгаа арилж хүн төрөлхтөн либерал ардчилалд тургуурласан нэг соёл иргэншилд орно гэсэн ойлголт нь гол санаа нь юм.
Харин нөгөө нь С.Хантингтоны (гутранги үзэл) “Иргэншил хоорондын мөргөлдөөн” буюу Неоатлантизмын онол:
- Энэ нь хэдийгээр тэнгисийн хүчнийхэн Евразид хяналтаа тогтоосон ч Эх газар болон тэнгисийн хүчний хоорондын тэмцэл цааш үргэлжилнэ. Учир нь Атлантчуудын Еврази дахь ялалт нь үзэл суртлын ялалт болохоос бус соёл иргэншлийн ялалт биш юм.
1993 онд гарсан “Иргэншил хоорондын мөргөлдөөн” хэмээх бүтээлд улс орнууд дахь шашны нөлөө хүчтэй хэвээр хэмээн баталсан байгаа бөгөөд ойрын ирээдүйд:
1. Слав буюу Үнэн алдартны соёл
2. Күнзийн буюу Хятадын /синик/ соёл
3. Японы соёл
4. Лалын соёл
5. Хиндийн соёл
6. Латин Америкийн соёл
7. Африк/магадгүй/
Эдгээр соёл иргэншил хүчирхэгжин өрнийн соёл иргэншлийн эсрэг босно. Үүний эсрэг өрнийхөн неоатлантизмын шинэ номлолыг боловсруулсан ба эдгээр нь:
1. АНУ Европтой нягт хамтран ажиллах
2. Дорнод Европ, Латин Америкийн соёл иргэншлийг Баруунд интеграцчлах
3. Япон болон Оростой хамтран ажиллах
4. Орон нутгийн чанартай мөргөлдөөнүүдийг дэлхийн дэлхийн дайнд хүргэхээс сэргийлэх
5. Күнз ба Лалын улсуудын цэргийн түрэмгийлэлийг хязгаарлах
6. Алс дорнод, зүүн өмнөд Ази дахь цэргийн давуу байдлаа хадгалаж үлдэх
7. Күнз болон лалын хоорондын сөргөөлдөөнийг ашиглах
8. Бусад соёл иргэншил дэх өрнийн баримжаатай улс төрийн хүчнүүдийг дэмжих
9. Өрнийн ашиг сонирхол үнэт зүйлсийг хуульчилсан Олон улсын байгууллагын үйл ажиллагааг дэмжих
Өнөөгийн Оросын хувьд феномена гэж үзэхээр, нөгөө талаас глобалчлал, неоатлантизмын эринд тэгэхээс өөр гарцгүй гэж зөвтгөхөөр нэгэн үзэгдэл бол ОХУ нь олон улсын ба бүс нутгийн хэт олон эвсэл бүлэглэл, хамтын нийгэмлэгийн гишүүн (НҮБ бол тусдаа ойлголт) болчихоод байгаа явдал юм. тус улсын нил хаяа нийлдэг геополитикийн бүх орон зайд энэ нь нотлогдох бөгөөд үүгээр евроазийн гүрэн гэдгээ илтгэж байна. Оросын Холбооны Улс ба НАТО
ОХУ-ыг НАТО-д хязгаарлагдмал эрх үүрэгтэйгээр элсүүлэх асуудалыг судлаач Д.Баярхүү гаргаж тавьсан байдаг. Орос, НАТО-ийн хооронд төлөвшиж буй энэхүү механизм нь европын ирээдүйн аюулгүй байдлын бүтэц бий болгох хамгийн чухал үйл явц ажээ.
В.Путин ОХУ-ын төр, засгийн удирдлагад гарч ирсэнээр НАТО-руу хандах Оросын бодлогод эргэлт гарсныг барууны тал олзуурхан тэмдэглэж байна. Путины өмнөх ерөнхийлөгчийн үед, НАТО агаараар Югославыг довиолж Милошевичийн дэглэмийг ганцаардуулснаас үүдэн 1999 онд Орос-НАТО-ийн харилцаа эрс хүйтэрч, НАТО-г дорно зүг тэлэх асуудал Оросын хатуу эсэргүүцэлтэй тулгарч байв. 2000 оноос В.Путин засгийн эрхийг авч, НАТО-гийн талаархи Оросын бухимдлыг намжаасан төдийгүй Орос-НАТО-ийн өвөрмөц харилцааг шинээр эхлүүлсэн. НАТО-гийн бодлого үйл ажиллагааны хүрээ Европ бүхэлдээ, мөн ойрхи Дорнод, Африк байсан бол АНУ-ын батлан хамгаалахын шинэ номлолоор бол Ураалын нуруу хүртлэх Оросын нутаг дэвсгэр нэмэгдэж, харин Хавайд төвлөрдөг Номхон далайн цэргийн командлалын хариуцлагын бүсэд Оросын Дорнод Сибирь, Алс Дорнодын бүс нутаг нөгөө талаас нь хамрагдах болсон байна. АНУ, НАТО нь ОХУ-ын бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авч байна. цаашлаад Төв Азийг бүхэлд нь нөлөөний хүрээндээ оруулж, улмаар Каспийн тэнгис, Кавказ руу нэвтэрсэн. НАТО Евразийг газарзүйн тэнхлэгийн талаас нь бүхэлд нь хянах, хамрах тухай ярьж байна.
Дүгнэлт
Геополитикийн шинжлэх ухаан нь өөрийн гэсэн хэлбэр, төрх, шинж чанаргүй, олон улсын харилцаа, гадаад бодлого, цэрэг-улс төр, худалдаа-эдийн засаг, газар зүй, хүрээлэн буй орчин, байгал цаг уур, экологи, этнограф зэрэг маш олон шинжлэх ухааны зааг дээр судалгаа нь явагддаг тул Геополитикийг тодорхойлсон нэгдсэн тодорхойлолтод өнөөдрийг хүртэл хүрээгүй байна. Геополитикийг товчоор тодорхойлбол газар зүй байгалийн хүчин зүйлс дээр суурилсан улс төрийн бодлого юм. Гэхдээ энэ нь улстөрийн газарзүйгээс ондоо ойлголт бөгөөд учир нь дээр дурьдсан янз бүрийн шинжлэх ухааны судлагдахуунтай геополитикийн судалгааны хамрах хүрээ холилдсон байдаг. Өөрөөр хэлбэл геополитик гэдэг нь улсыг судалдаг янз бүрийн шинжлэх ухааны цогц, орон зайг хянах мэдлэгийн систем бүхий шинжлэх ухаан юм. Энэ бүгдээс дүгнэн үзвэл геополитик нь дэлхийн улс төрийн бодлогыг өөрчлөх чадвартай бодит агуулгаар дүүрэн байдаг бөгөөд олон шинжлэх ухааны салбарт тулгуурладаг тул хэрэгжих боломжтой байдаг. Геополитик нь дэлхийг өөрчлөөд зогсохгүй бүхнээс илүүтэйгээр эх газар болон тэнгисийн бодлогыг урьдчилан мэдээлэх боломжтой шинжлэх ухаан юм.
Геополитикийн бодлого нь дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр улам боловсронгуй болж түүнийг тайлахад хэцүү эдрээтэй болсоор байна. 21-р зуунд улс орныг дайлаар морьдож эзлэх асуудал байхгүй. Харин геополитикийн бодлогоор улс орныг аажмаар устгах, соёлоор дамжуулан нэг үндэстнийг нөгөө нь уусгаж авах бодлого эрчимтэй явагдаж байгаа нь ажиглагдаж байна.
Неоатлантизмийн бодлого бол Еврази буюу эх газарт ноёрхолоо тогтоох эрмэлзэл, үүний тулд ямар бодлого хэрэгжүүлэх талаарх онол сургаал юм. С.Хантигтоны “Иргэнши хоорондын мөргөлдөөн” зохиол нь Неоатлантизмын талаар авч үзсэн байдаг. Ингэхдээ соёл иргэншлийн талаас нь, олон соёлууд хүчирхэгжин өрнийн соёлын эсрэг байх талаар авч үзсэн, цаашлаад өрнийн орнууд эх газарт хэрхэн нөлөөлөө бэхжүүлж ноёрхолоо тогтоох асуудал юм.
Улс орнуудын геополитикийн бодлогод шинэ төвшинд эдийн засгийн элемэнт шинээр нэмэгдсэн тухай дээр дурьдсан. Энэ утгаараа дэлхийд ноёрхолоо тогтоохын тулд эдийн засгийн өндөр чадавхитай байх нь чухал бөгөөд ирэх 10 жилд Хятад ноёрхох хандлагатай байна.
--------------------------------------------
[ 1 ]. Н.А. Нартов. “Геополитик” УБ. 2003 он
[ 2 ]. Д.Баярхүү. “Евроазийн геополитик ба ОУХ, өнгөрсөн, одоо, ирээдүй” УБ. 2003 он